Орон сууцны хонгилд их хэмжээний мах бэлтгэж, худалдаалдаг байсан иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн өчигдөр илрүүлжээ. Тус дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны I орцны хонгилд мах бэлтгэж буй талаар иргэд гомдол гаргасны дагуу шалгасан байна. Байцаагчдыг очиход хулгайгаар мах бэлтгэж байсан иргэд тэмээний 600 орчим кг мах овоолсон байж.
Иргэдийн ярьж буйгаар тэд махаа гэсгээгээд хэсэг хэсгээр нь зөөж, “Хархорин” зах дээр зардаг байжээ. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч С.Ариунхүү “Уг хонгил нь ариун цэврийн шаардлага хангахгүйгээс гадна ус алдсан, дулааны болон усны олон шугамтай байсан.
Махаа шалаар нэг овоолж, бохир орчинд хадгалдаг юм байна. Өнөөдөр бид махны дээжийг лабораторийн шинжилгээнд өгнө” гэв. Дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг түр гарах хооронд эзэд нь махаа ачаад зугтах гэж байсныг Цагдаагийн хэлтсийнхний тусламжтайгаар саатуулсан байна. Харин шинжилгээний хариу баасан гаригт гарах аж.
Р.ОЮУН