Нийслэлийн Баянзүрх дүүрэгт олныг хирдхийлгэж, цочирдуулсан ноцтой хэрэг энэ сарын 16-нд гарчээ. Тус дүүргийн XXI хорооны нутаг, Цагаан давааны хогийн цэгээс эмэгтэй хүний цогцос олдсоныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ, ЭЦГын ажилтнууд хамтран шалгаж байна.
Энэ талаар тус хэлтсийн албаны хүнээс лавлахад “Баянзүрх дүүргийн харьяат 49 настай Э гэдэг эмэгтэйг олон удаа хутгалж амийг нь хохироосон хэргийг шалгаж байна. Одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Цогцост хийсэн үзлэгээр 70 гаруй удаа хутгалсан нь тогтоогдсон” гэв. Мөн Орхон аймагт хүн амины ноцтой хэрэг гарч, гэр бүлийн хоёр хүн амиа алджээ.
Тус аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт оршин суудаг 31 настай Э нь эхнэр 27 настай С-тэй маргалдан зодож амийг нь бүрэлгээд дараа нь хашаанаасаа боомилж амиа хорлосон байна.