Нийслэлийн Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг, Зүүн дөрвөн замаас ХӨСҮТийн эцэс рүү явж байсан “Атибус” компанийн нийтийн тээврийн автобус явган зорчигчийг дайрч аминд нь хүрчээ. Энэ осол өчигдөр 14.30 цагийн үед гарсан байна.
Ослыг харсан хүмүүсийн өгүүлснээр автобус замаас гэнэт гарч явган хүний зам руу оржээ. Ингэхдээ явган зорчигчийг дайран гэрлийн шонд тулж зогссон байна. Ослыг харсан өөр нэг эх сурвалж “Автобусны урдуур хүн зам хөндлөн гарахаар гэнэт орж ирсэн.
Жолооч түүнийг дайрахгүйн тулд замын хажуу руу дартал ийм хэрэг явдал болсон” гэв. Энэ ослын шалтгааныг тогтоохоор ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс ажиллаж байгаа юм.
Ослын талаар “Атибус” компанийн удирдлагаас тодруулахад “Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийнхан ажиллаж байгаа. Бид энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Г.Равжаа