Цагаачлах виз хүсэн, шийдвэрээ хүлээж байхдаа Шведэд хүн амины хэрэгт холбогдсон “Айс топ” хамтлагийн гишүүн асан Бадгаа буюу С.Бат-Отгонд холбогдох хэргийг тус улсын шүүх ирэх сард хэлэлцэхээр болжээ.
Тус улсын нийслэл Стокгольм хотын баруун хойд хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт энэ сарын 11-ний үдэш уг хэрэг гарсан юм. Хохирогч хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байсан бөгөөд араб залуучууд бөөнөөрөө С.Бат-Отгоныг дээрэлхэн, яс үндсээр нь доромжилжээ. Улмаар тэд түүн рүү дайрахад хоёр залууг нь хутгалснаас, 18 настай Ребел Шариф шархаа даалгүй нас баржээ.
Түүнийг шүүх хурлыг ирэх наймдугаар сард хийхээр товлосон бөгөөд урьдчилсан байдлаар 13 жилийн ял төлөвлөсөн байна. Шведийн хууль хяналтын байгууллага түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр ял төлөвлөөд буй гэнэ.
Ирэх сард болох шүүх хурлаар бүх зүйл тодорхой болно гэдгийг тус улсад суугаа нэгэн монгол залуу мэдээллээ.