Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор цөөнгүй иргэн амиа алджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн VIII хороо Сонсголонгийн гудамжинд ачааны “Хьюндай Майти” маркийн автомашин айлын гэр дайрсны улмаас 12 настай Б, хоёр настай Б нар хүнд гэмтэж, дөрвөн настай Б амиа алдсан байна.
Ослын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос болсон гэж дүгнэжээ. Мөн Өмнөговь аймгийн Хан богд сумын нутаг, “Оюутолгой” компани БНХАУын хил хоорондох замд “Ланд круйзер-105” маркийн автомашин онхолдож, 22 настай залуу амиа алдлаа.
Өмнө нь тус аймгийн нутгаар ачаа тээдэг автомашины замд осол олон гарч, холбогдох байгууллагаас замыг сайжруултал хүнд даацын машин явуулахыг хориглосон ч удалгүй нээсэн. Зам нээгдээд удаагүй байтал хүнд даацын ачааны машин мөргөлдөж хүний амь үрэгдсэн билээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант суманд “Мицүбиши Пажеро” осолдож жолооч Ц амиа алдсан бол тус аймгийн Сайхан суманд “Эксел” онхолдож, 53 настай Л нас баржээ.
Г.Цолмон