Бага насны хүүхдийг хил дамнуулан худалддаг байсан хүмүүсийг БНХАУын цагдаа нар баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус улсын хэд хэдэн мужид явуулсан томоохон хэмжээний тусгай ажиллагааны дүнд хүүхэд наймаалдаг 400 гаруй хүнийг баривчилсны дотор Вьетнамын иргэд ч байжээ.
Тусгай ажиллагааны үеэр 0-4 насны 89 хүүхдийг чөлөөлсөн байна. Хууль сахиулагчдын үзэж буйгаар эдгээр хүүхдийн заримыг нь гэмт этгээдүүд хулгайлсан, заримыг нь эцэг эхчүүд нь өөрсдөө зарсан гэнэ. “Гэмт хэрэгтнүүд маш нарийн зохион байгуулалттай ажилладаг байсан. Тэд гар утас зэрэг эд мөрийн баримт болох зүйлсийг ашигладаггүй. Хил давах үедээ хүүхэдтэй гэдгээрээ түрий барьж давуу эрх эдэлдэг байсныг тогтоосон. Мөн хүүхдүүдэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг бүлэг хүн тэдэнтэй хамтарч ажилладаг байжээ” хэмээн Хятадын Гэмт хэргийг мөрдөх товчооны төлөөлөгч хэлжээ.
Тус улсад хүн наймаалсан этгээдүүдэд хүнд ял оноож, ийм төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг хэдий ч сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хил дамнуулан худалдах явдал газар авсаар байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ бүхэнд “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хууль буруутай гэнэ. Учир нь хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл “илүүгээ” өндөр үнээр зарах нь илүү ашигтай гэнэ. Бас үр хүүхэдгүй, хижээл насны хүмүүс хүүхэд төрүүлэхээс илүү худалдаж авах нь амар гэж үздэг аж.