Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн үед дэлхий нийт төдийгүй, монголчуудын анхаарлын төвд байх болов. Манай иргэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болж, олон хүн гадаад, дотоодын шоронд хоригдож байгаа.
Тиймээс цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт тавих анхаарлаа нэмэгдүүлж, УМБГ-т Хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах болон зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс байгуулсан. Тус хэлтсийнхэн саяхан хар тамхи мансууруулах бодистой холбоотой, манай иргэд зөөвөрлөгчөөр оролцсон нэг хэргийг шалгаж эхэлжээ.
Эрүүгийн цагдаагийн газрын эх сурвалж “Энэ хэрэгт улсын начин цолтой нэг бөх холбогдсон. УМБГ-т түүний хэргийг шалгаж байгаа” гэсэн юм. Харин УМБГ-ынхан “10 орчим грамм, гялгар туузанд ороосон бодисыг тээвэрлэсэн хэрэгт холбогдуулж улсын цолтой нэг бөхийг шалгаж байгаа нь үнэн.
Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Өөр нэгэн эх сурвалжаас бидэнд олдсон мэдээллээр улсын начин цолтой тэр хүн гадаадаас 43 капсул буюу хагас кг орчим герионыг нутгаараа дамжуулан Зүүн өмнөд Азийн нэг орон руу гаргах гэж байгаад саатуулагдсан гэнэ.
Г.Равжаа