Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон Улсын иргэн Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнууллаа

Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон Улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм. Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон Улсын Оита мужийн “Янагигаүра” ахлах сургуульд суралцуулах таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймгийн төв Мөрөнд “Мирай тэмүүлэл” япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулах санаачилга гарган, өдгөө тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүний санаачилгаар байгуулсан сургалтын төвд ахлах ангийн сурагчид япон хэлний зохих мэдлэг эзэмшин, “Янагигаүра” ахлах сургуульд элсэж, амжилттай суралцан, сурлага, спортын амжилтаараа Японд эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй. Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дан ганц төр, засгийн үйл ажиллагаа бус, хоёр улсын иргэд, боловсролын байгууллагууд ч чухал үүрэгтэйг Хатагтай Таэко Иманага харуулсаар байгаа билээ.