Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцлаа. Ц.Зориг “Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сахилга хариуцлагагүй байдал, мэргэжлийн алдаа зориуд гаргах, архидан согтуурахтай тууштай тэмцэл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон хүнд арга хэмжээ авсан. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн салбарын нэр хүнд унах тохиолдол гарч байгаа тул ийнхүү хандахаас өөр аргагүй юм” хэмээн ярив. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх бол манай улсын хамгийн залуу шүүх. Тус шүүх 2004 оноос хойш захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх болсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурдаад дагнасан шүүхийн төлөвшилтөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраагийн гавьяа үлэмж болохыг энэ үеэр онцолжээ.