“Тэнүүн огоо” компанийн автобус өнгөрсөн баасан гаригийн 23.00 цагийн үед галт тэргэнд мөргүүлжээ.”Номин” компанийн агуулахын өмнөх гарам дээр болсон энэ ослын улмаас 30 хүнтэй явсан автобусны зорчигчдоос хоёр нь хүнд гэмтсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Осол гарснаас үүдэн галт тэрэг дөрвөн цаг гаруй саатсан аж.
Төмөр замын цагдаагийн хэлтэс дээрх хэргийг шалгаж буй ч галт тэрэгний машинч, автобусны жолооч хоёрын хэнийх нь бурууг хараахан тогтоогоогүй байна. “Уг нь автобусны жолооч 30 жил жолоо барьсан туршлагатай хүн байна лээ. Харанхуй байсан, галт тэрэг ямар ч дохио өгөөгүй гэж жолооч мэдүүлсэн. Харин галт тэрэгний машинч манайхаас хоёр хүн гараад ажиллаж байсан. Автобус гэнэт л ороод ирсэн” гэж мэдүүлсэн талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч дэслэгч Х. Одбаяр мэдээллээ.
Б. БЯМБАА