Говь-Алтай аймгийн мөрдөн байцаах газар, Булган аймгийн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа иргэн Т.Цэцэгмаа мэдээлэл хийлээ.
Түүний ганц хүү 2010 онд Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэр дээр найз Ж.Наранбаатарын жолоодож байсан Зил-130 маркийн машин дотор сууж яваад осолдож, амь насаа алдсан байна. Хэрэг Булган аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан ч гэлээ хоёр талын хүсэлтээр Говь-Алтай аймаг руу шилжүүлсэн байна. Гэтэл машин жолоодож явсан Ж.Наранбаатарын хамаатан садан нь албан тушаалаар далайлган хавтаст хэргийн бүрдүүлэлтэд хөндлөнгөөс нөлөөлж, хэт нэг талыг барьсан баримтуудыг бүрдүүлсэн хэмээн хохирогчийн ар гэрийнхэн үзсэн байна. Тиймээс хэргийг Булган аймаг руу шилжүүлэн шүүх хурлыг явуулах хүсэлт гаргажээ. Булган аймагт болсон анхан шатны шүүх хурлаас Ж.Наранбаатарт гурван жил, нэг хоног хорих ял оноон, гурван жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан шийдвэр гаргасан байна. Дунд шатны шүүх хэрэгтний ирээдүйн амьдрал, сургуульд суралцдаг зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар шийтгэх шийдвэр гаргажээ.
Удаа дараа танхайн хэрэг үйлдэж байсан Ж.Наранбаатар нь ийнхүү хүний аминд хүрчихээд байхад ял завшуулж, одоо Говь-Алтай аймагт тээврийн хэрэгсэл жолоодсоор яваа талаар Т.Цэцэгмаа ярьсан юм. Шат, шатны шүүхийн шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцэж, албан тушаалтнуудын нөлөөгөөр хүний амь хохироосон гэмт хэрэгтэн ял завшиж байна хэмээн үзэж буйгаа мэдэгдээд, “Иргэний шударга шүүх” ТББ-ынханд хандаад байна.
Б.МАНДУХАЙ