“Анод” банкны гэгдэх хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хянаж байна. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг эд хөрөнгө завшсан, банкны хууль тогтоомж зөрчсөн хэрэгт буруутгасан билээ.
Дөрвөн жил гаруйн турш шалгасан уг хэрэгт тус банкны болон бусад байгууллагын 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан бөгөөд НПГ-аас тэдэнд дээрх хоёр зүйл ангиас гадна төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Төрийн байгууллагын албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд байгаа гэнэ.
Уг хэргийг тавдугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхээс энэ сард багтаан энэ хэргийг хэлэлцэх товыг гаргах гэнэ.