Махан идэшт “Тарбозавр Батаар” хэмээх аварга биет үлэг гүрвэлийн араг ясыг гадаадад гаргасан хэрэгт Монгол, АНУ төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулаад буй. Түүнийг эх оронд нь хоёр сар орчмын дараа авчрахаар болоод байгаа билээ. Манай говиос олдсон энэ үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар хөөцөлдөж буй АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирж, Иргэний танхимд мэдээлэл хийсэн. Тэд “Үлэг гүрвэлийн араг ясыг худалдах гэж байсан хүн нь Флоридад оршин суудаг Эрик Прокофи. Тэрбээр Ирландын иргэн Крис Монтой хамтарч энэ хууль бус наймааг хийх гэж байсан.
Эрик Прокофи бидэнд ярихдаа “Тарбозавр Батаар”-ын ясыг худалдаж авсан ямар ч баримт бичиг, зөвшөөрөл байхгүй. Японоос сүүлийн арван жилийн хугацаанд худалдаж авсан. Хэн гэдэг хүнээс авснаа санахгүй байгаа. Гаалийн ямар нэгэн мэдүүлэг байхгүй. Их Британиас АНУ руу уг олдворыг нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгтээ 15 мянган ам.долларын үнэтэй хэмээн мэдүүлсэн байсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Уг араг ясыг Монголоос хэзээ, хэрхэн гаргасныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа билээ.
Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд энэ хугацаанд зүгээр суусангүй. Мэдээлэл, баримт багагүй цуглуулжээ. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр “Тарбозавр Батаар” төдийгүй өөр олон үлэг гүрвэлийн ясыг хил, гааль, БСШУЯ-ны албаны хүмүүст мэдэгдэлгүй харь орон руу гаргасан байжээ. Хэзээ, хаанаас олдсон палентологийн үнэт олдворыг хэн гэдэг хүн хаагуур гаргасан тухай хэд хэдэн ноцтой баримтыг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байгаа гэнэ. Энэ талаар ЦЕГ болон ЭЦГ-ын ажилтнуудаас лавлахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаа үргэлжилж байгаа. Сэжигтэй хэд хэдэн хүнийг тогтоосон” гэхээс илүүг хэлсэнгүй.
Г.ЦОЛМОН