Манай иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн Малайзын цагдаа нарт холбогдох хэргийг Францын прокурорын байгууллагаас дахин сэргээн шалгаж, шүүх хурал нь энэ сарын эхээр болсон талаар бид мэдээлсэн. 2006 онд үйлдсэн уг хэргийн захиалагч нь Малайзын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг гэж буруутгаж байгаа. Францын шүүхэд энэ сарын 4-нд болсон хурлаас уг хэргийг гардан үйлдсэн цагдаагийн ахлах байцаагч Азилла Хадри, цагдаагийн офицер Сирул Азхар Умар нарт анхан шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. 39 настай Сирул Азхар Умар, 34 настай ахлах байцаагч Азилла Хадри нарыг 2009 онд Малайзын Шах Аламын дээд шүүхээс Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн гэм буруутайд тооцсон бол Р.Багиндаг буруугүй гэж үзэн, ямар ч шийтгэл ногдуулаагүй юм. Харин Францын шүүх Абдул Разак Багинда болон Малайзын Ерөнхий сайд асан Нажаб Разак нартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй гэнэ. Уг хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар талийгаач бүсгүйн аав С.Шаа рийбуутай холбогдож лавлахад “Уг ажиллагааг гардан гүйцэтгэсэн цагдаа гийн хоёр ажилтанд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн гэсэн мэдээллийг би интернэтээс аваад байна. Түүнээс өөр мэдээлэл алга. Гадаад харилцааны яамны шугамаар энэ асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад мэдээлэл ирсэн байж болзошгүй” гэсэн юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас Ш.Алтантуяаг бүрэлгэсэн хэргийн талаар ямар мэдээлэлтэй буйг тодруулахад “Бид шүүх хурлын талаар тодорхой мэдээлэлгүй байгаа. Энэ шүүх хурал тухайн хоёр улсын хоорондын асуудал. Шүүхээс ямар шийдвэр гаргаснаа манайд ирүүлэх албагүй. Бид Монголын иргэний амь нас хохирсон гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийг олж авахын төлөө ажиллаж байна” гэлээ.