УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзаж байгааг хүмүүс янз бүрээр харж, таамаг дэвшүүлж байгаа. Зарим хэвлэлд У.Хүрэлсүхийг 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАК компаниас 600 сая төгрөгийн авлига авсан, түүнчлэн Шивээ-Овоогийн уурхайн лицензтэй холбоотой гэх зэрэг хэд хэдэн асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэнтэй холбоотой хэмээн таамаглажээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай гар зөрүүлсэн хэргийг нь цагдаа шалгаж эхэлсэн зэрэг цөөнгүй асуудлаар хуулийн байгууллагын үүд татах болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл өгсөн. Эхнэрээ эмчлүүлэх нэрээр тэрбээр гадагшаа гарахаар зэхэж байна гэхчлэн бичиж байна. Тэгвэл У.Хүрэлсүхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Манай хэлтэст У.Хүрэлсүхтэй холбоотой эрүүгийн хэрэг, гомдол, мэдээлэл байхгүй” гэв. Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас дээрх таамаглалууд хэр бодитой талаар лавлахад “У.Хүрэлсүхэд холбогдуулж цагдаа, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгээгүй” гэж мэдэгдлээ.