УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хуулийг батлан, Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүд шүүхийн шинэчлэлийг дэмжиж байсан хэдий ч ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслийн танилцуулгад таатай хандсангүй. Тус танилцуулгад “...төрд үйлчилдэг байсан хуучны улстөржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг хамгаалдаг шүүхийн тогтолцоонд шилжих...” гэх мэт хачирхалтай дүгнэлт багтсан тул УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажлын хэсгээс тодруулга авахыг хүсэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Шүүхийг шударга байгаасай гэж бүгдээрээ хүсч байна. Гэтэл шүүх улс төрийн хүчний захиалгаар ажиллаад, улам хараат болоод байна. Шүүх сонгуулийн ажиллагаа руу шууд оролцож, АН-ын зүгээс шүүхэд гаргасан гомдлыг шийдвэрлэж өгдөг болсон. УИХ-аар батлуулахаар оруулж ирж байгаа хуулийн төслийн танилцуулгадаа шүүх энэ зовлонгоо хэлчих шиг болов” гэсэн юм.
Хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байхаар наашлуулах хүсэлтэй байгаа бөгөөд хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хийж амжих ёстой эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө санхүү болон бусад зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэж байна. Ингээд УИХ гишүүдийн 89,4 хувийн саналаар Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Д.ОТГОО