Опра Уинфригийн ток шоунд оролцсоны дараа ийм их эрсдэл хүлээж байгааг Лэнс Армстронг мэдэрсэн болов уу? “Тур де Франс”-ын долоон ялалтын гурван түрүүг нь мялааж, АНУ-ын дугуйн холбоонд шагналын мөнгийг нь шилжүүлсэн SCA Promotions 12 сая доллар нэхэмжилснийг шүүх баталлаа.
Өөрөөр хэлбэл, 2004 оноос эхлэн тус компани Армстронгийн ялалтыг 5 сая доллараар үнэлсэн түүхтэй. Гэвч худал хуумгай үйлдэлд нь мадлуулсны төлөө шагналаа эргүүлж авахаар шүүхэд хандсан байна.
Нэгэн цагт дугуйн спортын нэрийн хуудас болсон Лэнстэй илэн далангүй яриа өрнүүлж, үнэнийг илчилсэн учраас Опрагийн нэр хүнд улам өсөж, харин америк дугуйчин шалдаа буулаа. Тэдний хооронд өрнөсөн ярилцлагын сонирхолтой хэсгээс болон Лэнсийн хэрэгтэй холбоотой зарим баримтыг сийрүүлэн хүргэе.
-Таныг олон хүн тамирчин байх эрхээ бүх насаараа хасуулж, дугуйн спортод үзүүлсэн амжилтаа хүчингүйд тооцуулсан учраас энэ ярилцлагыг өгөхөөр шийдсэн гэж үзэж байгаа. Харин та энэ талаар юу хэлмээр байна вэ?
-Энэ нь ярилцлага өгөх гол шалтгаан биш. Гэвч хэрвээ та надаас тэмцээнд үргэлжлүүлэн оролцох хүсэлтийг минь асууж байгаа бол тийм гэж хариулна. Хүсвэл би 50 нас хүрээд Чикагогийн марафонд оролцож болохгүй гэж үү? Тийм ээ би тэмцээнд оролцохыг хүсэж байна.
-Та яагаад “Тур де Франс”-ын долоон түрүүгээ хасуулсны дараа гэрийнхээ диван дээр байгаа шар цамцнуудын зургийг твитертээ байрлуулсан юм бэ?
-Энэ нь миний нэг алдаа болсон. Би юунд ч захирагдахгүй байхыг хүссэн юм. Тэр бүхэнд энэ зураг хариулт өгнө гэж бодсон хэрэг.
-Хорт хавдраар өвчилсөн нь допинг хэрэглэх гол шалтгаан болсон гэж та бодохгүй байна уу?
-Үгүй дээ. Өвчтэй байх үед эмч нар надтай допинг хэрэглэх талаар хэзээ ч ярилцаж байгаагүй.
-Гэхдээ таны эргэн тойронд допинг хэрэглэхийг сайшаасан хүмүүс байсан юм биш үү?
-Мэдээж хэрэг.
-2009 оны “Тур”-д гуравдугаар байр эзэлсэн нь допингтой ямар ч холбоогүй гэж та хэлж байсан?
-Тийм ээ. Би энэ үед огт допинг хэрэглээгүй байсан юм. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй оролцсон ч эцсийн эцэст гуравдугаар байр эзэлсэн.
-Таны экс эхнэр Кристин гурван хүүхдийг чинь төрүүлж өсгөсөн. Том хүү Люк тань 13-тай, харин охин тань 11-тэй. Одоо тэдэнд амьдрал ямархуу санагдаж байгаа бол?
-Тэд маань миний тухай яриаг сонсож эхэлчихсэн. Хүү маань намайг бүхний өмнө өмгөөлж байсан ч би түүнд бүх зүйлийг хэлэх ёстойгоо ойлгосон.
-Тэгээд та түүнд юу гэж хэлэв?
-(Ярилцлагын турш Армстронг анх удаа нулимс унагав.) “Люк би чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Миний тухай бүх яриа үнэн” гэж хэлсэн. Армстронг уртаар шүүрс алдаад гараа элгэндээ тэвэрлээ.
-Одоо таны нэрийг ямагт гутамшиг шившиг гэсэн үг дагах нь дээ?
-Тийм ээ. Би ч гэсэн өөрийгөө ингэж л мэдэрч байна.
-Та өөрийнхөө ад чөтгөртэй (допингийг хэлэв бололтой) аль хэдийнэ учирчихжээ?
-Тийм ээ. Одоо л бүх хэрэг эхэлж байна. 1993 онд Майкл Жордантай хийсэн ярилцлага нь дуулиан дэгдээж байсан Уинфри өөрийн ток шоуны хамгийн шилдэг ярилцлагаар Армстронгтой хөөрөлдсөнөө нэрлэжээ. Учир нь дугуйчин эр допинг хэрэглэж байснаа олны өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Ярилцлагынхаа эхний хэсэгт тэрбээр “Дугуйчин допинг хэрэглэлгүйгээр “Тур де Франс”-ын долоон түрүүг авах боломжтой юу” гэж асуухад нь Армстронг “Үгүй” хэмээн хариулжээ. US Postal багт түүнтэй мөр зэрэгцэн олон жилийн турш уралдсан Тайлер Хэмилтон өнгөрсөн жил “Нууц уралдаан” номдоо Лэнсийг допинг хэрэглэж байсан, тэд сэргээшийн тухай хэрхэн ярилцаж байснаа өгүүлсэн нь бий. “Тэмцээнд хориотой бэлдмэл хэрэглэлгүйгээр түрүүлж болох уу? Тухайн уралдаанаас л шалтгаална. Ганц өдрийн уралдааны хувьд үгүй, харин олон өдрийн уралдаанд бол тийм.
Дөрвөн өдрийн уралдаанд ч юм уу, талх идэж ус уугаад л түрүүлж байлаа. Гэвч үүнээс урт уралдаанд допинг хэрэглэлгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Альпийн нуруунд болдог гараанууд хүнээс маш их хүч шаарддаг. Ийм их хүч гаднын зүйл хэрэглэлгүйгээр гарахгүй”. Армстронг ялалтыг ингэж л хэмжсээр иржээ. Гэхдээ хорт хавдрыг ялахын тулд биш, ялалтын төлөө допинг хэрэглэж байсныг нь дээрх ярилцлага, баримтууд илтгэх боловч тухайн үед сэргээшт хяналт тавьж байсан хүмүүс, Олон улсын дугуйн холбоо хэрхэн ажиллаж ирсний хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд хариулт эрж байна. 21 настай Армстронг 1993 онд ДАШТ-ий бөөн гараатай уралдаанд түрүүлж, хамгийн залуу аваргаар тодорсон бол “Тур”-ын нэг шатанд манлайлсан баримт бидний мэдэх допинг хэрэглээгүйн жишээ. Гэвч тухайн үед америк эр нэгдсэн дүнгээр 97-д орж байлаа. 1995, 1996 онд “Тур”-ын нэг гараанд түрүүлсэн ч нийлбэрээр 35-аас дээш байр эзэлсэн нь үгүй. Энэ л үеэс түүнд хүч нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэх хүсэл төрсөн гэх. Химийн эмчилгээ дууссанаас хойш жил хагасын дараа амжилтаа цуурайтуулж эхэлсэн Армстронгийн ноёрхол, үүнээс хойших амжилт бүгд худал байжээ.
Допингийн эсрэг агентлаг, сэтгүүлчид, мэргэжил нэгтнүүд нь түүнтэй холбоотой хэргийг цухуйлгасан ч тухайн үед амжилт олоогүй юм. “Le Monde” болон “LEquipe”-д “Тур 99”-ийн үеэр түүнийг допинг хэрэглэж байсан тухай мэдээлэл гарсан. “Sanday Times”-ийн ирланд сэтгүүлч Дэвид Уолш Армстронгийн заль мэхний тухай бүхэл бүтэн ном 2004 онд хэвлүүлсэн билээ. Мөн 2006 оны “Тур”-ын аварга Флойд Лэндис хориотой бэлдмэл хэрэглэсэн нь илэрч, амжилтаа хасуулсны дараа нутаг нэгт Лэнсийг сэргээш хэрэглэж байсныг мэдэгдсэн юм. Опрагийн ярилцлагад эргэн оръё. Тэрбээр ийн асуужээ.
-Сая сая хүн танаас олон асуултад хариулт авахыг хүсэж байгаа. Бидэнд ярилцах цаг хангалттай байгаа ч тийм, эсвэл үгүй гэсэн хариулт л илүү зохино...
-За.
-Та карьерынхаа турш хориотой бэлдмэл хэрэглэж байсан уу?
-Тийм ээ.
-Энэхүү бэлдмэлүүдэд эритропоэтин агуулагдаж байсан уу?
-Тийм ээ.
-Та үүнээс гадна өөр найрлагатай хориотой бэлдмэл ч уудаг байв уу?
-Тийм ээ.
-Хүн допинг хэрэглэлгүйгээр “Тур де Франс”-т долоон удаа түрүүлж чадах уу?
-Би тэгж бодохгүй байна.
*** *** ***
-Та допинг хэрэглэсний дараа байгуулсан ялалтдаа чин сэтгэлээсээ баяртай байсан уу?
-Уралдаанд оролцох гэж бэлтгэж байгаа минь л намайг юу юунаас илүү баярлуулдаг байлаа.
-Гэхдээ та допинг хэрэглэх нь буруу гэж бодсон биз дээ?
-Үгүй.
-Та гараанаас гарах гэж байхдаа бүгдийг хууран мэхэлж буйгаа ойлгосон уу?
-Үгүй. Магадгүй энэ нь л хамгийн аймшигтай.
-Таны явуургүй бодол 1980 оны сүүлээс 2000 оны дунд үе хүртэлх Олон улсын дугуйн холбооны сул ажиллагааны илрэл гэвэл санал нийлэх үү?
-Би бүх зүйл ингэж төгсөнө гэж бодоогүй. Өөрөөр эргүүлэхийг хүсээгүй нь миний алдаа байж.
-Гэвч ICU “биологийн паспорт”-ыг анх нэвтрүүлсэн холбоо шүү дээ?
-Тийм ээ. Энэ нь туйлын ухаалаг шийдвэр байсан юм. Гэхдээ допингийн программ 1970-1980 оны үед л ашиглавал зохих хоцрогдсон зүйл байсныг харж байгаа биз дээ.
-Таны допингтой нөхөрлөх болсон шалтгаан дасгалжуулагч асан Микельтэй холбоотой гэж гадуур шуугиж байна...
-Би түүнийг ухаалаг, сайн хүн гэж боддог. Одоо ч тэгж бодсоор яваа. Гэхдээ өөрийн буруугаа түүнд нялзаахыг хүсэхгүй.
-Та хүчин зүтгэж байгаа багийнхнаа өөд татаж, багийн тэмцээнүүдэд ч манлайлсаар ирсэн. Багийн ахлагч сул гишүүндээ допинг хэрэглэхийг тулгаж байсан уу?
-Надад хэн ч допинг хэрэглэхийг тулган шаардаагүй. Би ч мөн адил.
-Та энэ сэдвээр ам нээлгүй удах нь ашигтай гэж бодсон хэрэг үү?
-Би дугуйн спортод буруу замаар амжилтаа дархлахыг хүссэн юм. Ингэж бодсон учраас би тэнэг хүн. 2005 онд “Тур”-т түрүүлчихээд баярлаж байхад минь надад итгэсэн олон хүнээс уучлал хүсье. Би худал хуумгай амьдарч байж. Үлдсэн амьдралдаа гэмээ цайруулахыг хичээнэ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ