Манай арилжааны нэгэн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй беларусь эрд холбогдох хэрэгт ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Манай хууль хяналтын байгууллагынхан тус улсын холбогдох газарт хандаж, түүнтэй холбоотой асуудлаар хэд хэдэн шалгалт хийх хүсэлт тавьсны дагуу ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цөөнгүй банкныхнаасаа тайлбар авч буй гэнэ. Шалгалтын явцад зөвхөн ОХУ төдийгүй өөр хэдэн улсын арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл илэрсэн бололтой.
Беларусь улсын иргэн Александр Сергеевич Соловьевийг манай нэгэн банкаар дамжуулан 200 сая орчим ам.доллар угаасан хэрэгт буруутгаж ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын талд хийх шалгалтын үр дүнг хүлээн хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. А.С.Соловьевт холбогдох хэргийг шалгах үед ОХУ-ын арилжааны банкнаас 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний рубль шилжүүлж буцаан авсан нь тогтоогдсон бөгөөд уг асуудлыг тус улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар НПГ-аас даалгавар бичиж илгээсэн юм байна.