БНХАУ-ын нийслэлд 3-4 монгол хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн эхээр цагдан хорьж шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрынхнаас лавлахад “Одоогоор дарга эзгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Монголчуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагынханд ч ирээгүй гэж байлаа.
Дээрх мэдээллийн мөрөөр Монгол Улсаас Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Өнгөрч буй долоо хоногт Бээжинд дөрвөн монгол хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Бид холбогдох хууль хяналтын байгууллагад тэдэнтэй уулзах хүсэлт тавиад байна. Тус улсын хууль хяналтын байгууллагаас манайд ирүүлсэн албан тоотод дурдсанаар хулгайн хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн. Саатуулагдсан хүмүүс ямар ч гэсэн хар тамхины хэрэгт холбогдоогүй бололтой. 2011 оноос хойш Бээжинд хар тамхины хэрэгт холбогдуулж манай улсын харьяат иргэдийг баривчлаагүй” гэлээ.
Эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа дөрвөн хүнийг Б, Э, Д, Э гэдэг бөгөөд тэд нэгэн их дэлгүүрээс эд зүйл хулгайлж байгаад баригдсан аж. Тус улсын цагдаагийн байгууллагынхан нотлох баримт болгож дэлгүүрийн камерт үлдсэн дүрс бичлэгийг аваад байгаа гэнэ.
Г.РАВЖАА