Г.Баяндүүрэн “Дэлхийн цом”-д түрүүлэв
Армены Ереван хотод энэ улирлын самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн анх удаа боллоо. Тус улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Гагик Царукяны нэрэмжит болон зохион байгуулсан эл тэмцээнд 18 орны 252 тамирчин оролцож, 28 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манайхаас байлдааны самбогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Г.Баяндүүрэн түрүүлсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд Туркменистаны тамир¬ чин Айдогдуев Алуханыг ялж, алтан цомын эзнээр тодорчээ. Дээрх тэмцээний нийт шагналын сан 196 мянган ам.доллар аж. Аваргууд 3000, мөнгөн медальтан 2000, хүрэл медаль хүртсэн тамирчид 1000 ам.доллар гардсан байна.
2025-06-10
Ц.Дашням залуучуудын оноогоор тэргүүллээ
Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг авто машин, мотоциклын бартаат замын олон төрөлт уралдаанаас “Баха 150”, “Баха 250” өрсөлдөөнтэй болдог. Энэ удаагийн “Баха 150”-д залуучуудын ангилалд 22 тамирчин хурд сорьсноос 12 нь амжилтын оноо хүртэв. Тэднээс 03 дугаартай Ц.Дашням түрүүлж, 33 оноо хүртсэн бол 128 дугаартай Х.Амартүвшин дэд байрт шалгарсан. Баха уралдаанд суурь буюу идэвхийн 10 оноо өгдөг. Этап 1-д эхний 36, этап 2-т 18, нийлбэр цагаар 10-т багтсан тохиолдолд цагийн үзүүлэлтээр нь эзэлсэн байрлалд хамаарах оноог амжилтын оноо болгон олгодог юм.
2025-06-04
ДАШТ-д оролцох тамирчид бэлтгэлээ базааж байна
Монгол Улсад зохион байгуулах 3x3 сагсан бөмбөгийн гурван томоохон тоглолтын эхнийх нь “FIBA 3x3 women’s series-Ulaanbaatar-2025” (Эмэгтэйчүүдийн цуврал) Сүхбаатарын талбайд энэ сарын 18-19-нд, дараагийнх нь “FIBA 3x3 grand slam” (Их дуулга) 20-21, сүүлийнх нь “FIBA 3x3 world cup 2025” (ДАШТ) 23-29-нд болно. Улаанбаатар хотод анх удаа өрнөх эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд манайхаас “Ulaanbaatar Аmazons”, “Amgalan U24”-ийн тамирчид ХБНГУ, Канад, Франц, Австралийн багтай тоглох юм. Харин “Их дуулга”-д оролцох мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 багтай “Улаанбаатар энержи”, “Завхан сайнскор” багийнхан өрсөлдөх аж.
2025-06-04
Б.Наранхишиг тивийн АВАРГААР ШАЛГАРЛАА
Йордан улсын Аман хотод зохион байгуулсан жиү жицүгийн Ази тивийн АШТ-д Монгол тамирчид хүч сорьж буй. Тэднээс эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насныхны ангилалд 57кг-ын жинд “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн “JUMP Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг тивийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 16-18-нд болсон “Их дуулга”-д аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловаг буулган авч, алтан медаль хүртсэн юм.
2025-05-29
Г.Мандахнаран, Ц.Оюунболд нар өсвөр үе, залуучуудын багийг дасгалжуулна
Чөлөөт бөхийн 15, 17, 20 хүртэлх насныхны УАШТ-ий дараа хойч үеэ бэлдэх, тэдний бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулах зорилгоор өсвөр үе, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэхээр болсон. Тэднийг гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Ц.Оюунболд нар дасгалжуулна. Сонирхуулахад, 15 хүртэлх насныхны УАШТ-ий хүрэл медальт, “Цаст тайга” дэвжээний тамирчин Б.Бум-Эрдэнэ нь АНУ-ын Вашингтон хотод болсон мужийн аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол (Грек-Ром) бөхийн төрөлд 62 кг-ын жинд тус бүр таван тойрог барилдан, өрсөлдөгчдөө ялж түрүүлжээ.
2025-05-24