Дорнодын сав газраас газрын тос олборлож байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг Монгол” компанийн газрын тос тээвэрлэх замыг Авто тээврийн газраас албан ёсоор хааж, тээвэрлэлтийг нь зогсоолоо.
Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ахлуулсан Алжын хэсэг өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт ажиллаж, Дашбалбар сумын нутаг дахь Улаан орд уурхайгаас тээвэрлэлт хийж байгаа “Шинэ интернэйшнл”, Матад сумын нутаг дахь Тамсагийн сав газраас нефть олборлож буй “Петрочайна дачин Тамсаг Монгол” компани, эдгээр уурхайгаас ашигт малтмал тээвэрлэж буй “Петро Матад”, “Шейман”, “Эн Пи Ай” компаниудыг шалгасан байна.
Газрын тос тээвэрлэдэг замуудыг хатуу хучилттай болгохыг манай улс эдгээр компаниас удаа дараа шаардаж байсан ч өнөө хүртэл ганц ч метр зам сайжруулаагүй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 280, 2010 оны 420 дугаар тушаалыг хэрэгжүүлээгүй байна.
“Петро Чайна дачин Тамсаг Монгол” компани өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлөө ч арилгаагүй, газрын тос тээвэрлэх гэрээгээ сунгаагүй байжээ. Үүний улмаас газрын хөрс улаанаар эргэж, тэнгэрт тулсан тоос босон, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Монгол Улсын хууль тогоомжийг үл тоон, дураар аашилсан тус компаниудад дээрх арга хэмжээг авчээ.
Х.Болор