БНСУ-ын эргийн ойролцоо 2011 оны нэгдүгээр сард Монголын далбаатай “Weihei” хөлөг БНСУ-ын загас агнуурын онгоцтой мөргөлдөн, хоёр солонгос загасчин амь үрэгдсэн билээ. Ослын дараа БНСУын Цагдаагийн газраас “Weihei” хөлгийн ахмадыг туслахтай нь баривчилсан юм.
Тэд хоёул ОХУ-ын иргэн бөгөөд “Weihei” хөлөг Монголын далбаатай ч Японы “Toyama Kaigai boeki shipping” компанийн нэр дээр бүртгэлтэй гэнэ. Хоёр далайчныг шүүх хурал энэ сарын 30-нд болох бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг нь Япон компани төлөхөөс татгалзаж байгаа тул гэрийнхэн нь мөнгө цуглуулахаар хандив гуйж байгаа аж.
Тэд хамаг юмаа зарж борлуулан, өр шир тавьж 20000 доллар цуглуулаад байна гэж ОХУын “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Шүүхийн мэдээгээр манай улсын далбаатай “Weihei” онгоцны эзэд ажил чидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, даатгалд хамрагдаагүйн улмаас далайчид хэцүү байдалд ороод байгаа гэнэ.
М.СУГАРАА