БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Бээжинг зорьж явсан манай улсын 40-50 насны тав, Швейцарийн гурав, Испанийн хоёр иргэн энэ сарын 20-нд зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ослын улмаас хоёр хятад иргэн нас барсан бөгөөд дунд оврын автобусанд сууж явсан манай болон гадаадын иргэдийн биеийн байдал хүнд байсан юм. БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монголын консул C.Батхуягаас иргэдийнхээ биеийн байдал ямар байгааг эргэн тодрууллаа.
-Эрээнд зам тээврийн осол болж, манай таван иргэн гэмтсэн хэрэг гарснаас хойш долоо хоног өнгөрлөө. Монголчуудын маань бие ямар байгаа вэ?
-Манай таван иргэний бие сайн байгаа. Дахиж хагалгаанд орох хүмүүс нь мэс засал хийлгэсэн. Үр дүнтэй болсон. Тэд Эрээн хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, Монголоос ар гэрийнхэн нь ирж, сахиж байна. Ослын дараа манай иргэн Н, У, Э нарын биеийн байдал нэлээн хүнд байсан. Хөх хотоос ирсэн эмч нарын баг тэдэнд хагалгаа хийгээд одоо айх зүйлгүй болсон. Б гэдэг эмэгтэй хагалгаанд дахиж орсон ч бие нь сайн байгаа.
-Манай иргэдэд эмчилгээний зардал, нөхөн төлбөр олгох боломж бий юү?
-Эрээн хотын Засгийн ордон манай иргэдийн зардлыг дааж, онцгой анхаарал хандуулж байгаа. Манай иргэдийн сууж явсан автобус болон түүнтэй мөргөлдсөн суудлын автомашин хоёул даатгалтай юм билээ. Даатгалын компанитай нь холбогдож, эмчилгээний зардлыг гаргуулах талаар хөөцөлдөж эхэлсэн.
-Швейцарь, Испанийн иргэдийн бие ямар байгаа бол?
-Тэднийг “SOS Medical” гэдэг эмнэлгийнхэн нисдэг тэргээр ирж, Бээжин рүү авч явсан.
-Ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон болов уу. Аль машиных нь буруу байсан бэ?
-Дүгнэлт гарсан. Суудлын автомашин жолоодож явсан хүн нь саяхан жолооч болсон, үнэмлэхээ ч авч амжаагүй хүн байж. Тэрбээр эсрэг урсгалд орж, өөдөөс нь автобус гарч ирэх үед нь сандраад тоормосоо андуурч, хийн шахуурга дээрээ гишгэсэн гэсэн дүгнэлт гаргасан гэсэн. Үүний улмаас суудлын автомашинд сууж явсан хоёр хүн амиа алдсан.
Г.РАВЖАА