Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20-д хүрчээ

Санхүүгийн салбарын энэ оны эхний хагас жилийн тойм мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр танилцуулав. Тус хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн болон даатгалын зах зээл, ББСБ, ХЗХ-дын ДНБ-д эзлэх хувь дээрх хугацаанд 20.3-т хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр пунктээр өссөн үзүүлэлт болсныг дурдлаа. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 11.3, даатгалынх нэг, ББСБ-уудынх 7.4, ХЗХ-дынх 0.6 хувьд хүрсэн гэнэ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 27.2 хувь буюу 1.03 тэрбум төгрөгөөр өсөн 4.84 тэрбумд хүрч, хувьцааны хөрвөх чадвар 2.3 хувь болжээ. Зах зээлд нийт 275.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан бөгөөд үүний 41.2 хувийг хувьцаа, 36.9-ийг нь компанийн бонд, 21- ийг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.9 хувийг нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлсэн дүн гарчээ. Шинээр болон нэмж хувьцаа гаргах долоон компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс тав нь 26.2 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүлсэн гэв. Мөн нэг компани хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж долоо, хоёр компани нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжин 55 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлснийг дурдлаа. Энэ сарын 15-ны байдлаар биржийн бус зах зээлд нийт 63 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэснээс 602 тэрбумыг татан төвлөрүүлсэн дүн гарчээ. Харин өнгөрсөн 1-6 дугаар сард 30 үнэт цаас гаргагчийн 292.6 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, үүнээс 150.1 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүлсэн байна. Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс 2021 оны мөн үеийнхээс 713.33 нэгжээр буурч 32 795-д хүрсэн аж. Топ 20 компанийн зах зээлийн үнэлгээг салбараар ангилбал аж үйлдвэр 58.5, уул уурхай 18.8, банк санхүүгийн байгууллага 17.5 хувийг нь эзэлжээ.

Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар өсөн 431.4 тэрбум төгрөгт хүрсэн бол нөөц сан нь 1.8 хувиар багасаж 185.9 тэрбум болжээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 59.1 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 1 694 097 зүйлийг даатгаснаар нийт хураамж нь 11.9 хувиар нэмэгдэн 24.3 тэрбумыг татан төвлөрүүлсэн аж. Тэгвэл 527 ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт хөрөнгийнх нь хэмжээ 3.2 их наяд төгрөгт хүрснээс гадна харилцагч нь давхардсан тоогоор 4.7 сая болсон гэнэ. Тэдний олонх буюу 92.8 хувийг нь финтекийн харилцагч эзэлсэн аж. Салбарын зээлийн нийт үлдэгдэл 58.9 хувиар дээшлэн 2.5 их наяд төгрөг болсон бөгөөд 88.8 хувь нь иргэд, 11.2 нь хуулийн этгээдүүдэд ногджээ.

Бэлтгэсэн Б.Сонор