Монголчууд харь үг, хэллэг, бичлэгийг зөв, буруу хэрэглэх нь хэрээс хэтэрсээр байна. Нийслэлд монголоор бичсэн хаяг цөөн. “Будаач будаач гэхэд сахлаа будав” гэгчээр төрийн байгууллага хэрэглэгчдэдээ санал болгож буй үйлчилгээгээ гадаадаар бичих нь хэр зохистой вэ. Улсын филармониос симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулагч Ардын жүжигчин Ц.Намсрайжавын мэндэлсэн өдрийг тохиолдуулан сонсогчдод “Шилдэг удиртгал хөгжмүүд” гэсэн тоглолтыг энэ сарын 15-нд хүргэхээр зар түгээжээ. Тасалбар борлуулалтын ticket.mn цахим хуудаснаас мэдээлэл авч, үзэх, эсэхээ шийдэх гэсэн үзэгч дараах байдлаар бичсэн хөтөлбөрийг нь хараад тун бухимдангуй холбогдсон юм. Үнэндээ хөтөлбөрөөр таавар, оньсого таалгах гэсэн мэт. Тоглохоор бэлтгэсэн дуурь болон симфони бүтээлүүдийн удиртгал хөгжмүүд юм байна л даа. Уншигч та энд чухам юм гэж бичсэнийг ойлгож байна уу. Англи хэлтэй нь гадарлах л байх. Тухайлбал, В.А.Моцартын “Фигарогийн хурим”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал хөгжмийг тоглох бололтой. Л.В.Бетховены “Эгмонт” нь дуурь биш, хөгжмийн томоохон хэмжээний бүтээл гэдгийг хэдэн хүн мэдэх бол. Улсын хөгжмийн хамгийн том байгууллага үзэгч, сонсогчдоороо ингэж даажигнаж болох уу.
Бэлтгэсэн: Ж.Номун