Нэрт соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баярыг долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Хөтөлбөрийн дагуу “Ноён хутагт Д.Данзанравжаа” уран зураг, уран баримлын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Хүндэтгэлийн урлагийн тоглолт, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг, “Авшиг шингэсэн аялгуу” шоу, “Эгшиглэнт говь” шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, “Дорнын үдэш” цэнгүүн тус тус болно.
Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 25-нд Шувуун шанд гэдэг газар буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн боловч өөрийн авъяас билгээрээ олонд хүндлэгдэж 9 настайдаа Говийн догшин ноён Хутагтын V дүрд өргөмжлөгджээ. Д.Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ. Нэг талаас бурхны хойд дүр гэгдэх, нөгөө талаас төрөлхийн авъяас билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч хүн байжээ.